Friday, May 20, 2016

Ё.Гэрэлчулуун: Нэр дэвшигчид хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй учраас бүртгэхээс татгалзсан

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшүүлэх тогтоол гаргасан талаар мэдээлсэн. Зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаагаа  илэрхийлж, гомдол гаргасан. Энэ талаар Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуунаас тодрууллаа. 
Нийслэлийн сонгуулийн хороо хууль бус шийдвэр гаргалаа гэсэн гомдлыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид гаргаж байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ ?
Сонгуулийн асуудлыг хуулиар нарийн зохицуулсан байдаг. Нийслэлийн сонгуулийн хороо анх сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг хүлээн авахдаа Сонгуулийн тухай хуулийг мөрдөж ажиллана шүү гэж хэлж байсан. Бид нэр дэвшигчдийг бүртгэхдээ Сонгуулийн тухай хуулийн “Орон нутгийн сонгууль” гэсэн бүлгийг нарийн мөрдөж ажилласан. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох хүсэлт илэрхийлсэн нэр дэвшигчдийн материалыг нягтлан шалгаж, тогтоол гаргасны дараа хуульд заасан шаардлага биелүүлээгүй хасагдсан нэр дэвшигчид гомдол гаргаж байна. Нэр дэвшигчийг бүртгэх асуудал бол Нийслэлийн Сонгуулийн хорооны бүрэн эрх. Тийм учраас бид гомдлыг хүлээн авч, хуулийн дагуу гурав хоногийн хугацаанд шийдвэрлэнэ.
Мөн нийслэлийн Сонгуулийн хороо ямар нэгэн улс төрийн намын нөлөөлөлгүй хуулийн дагуу ажиллаж байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэхийг хүсч байна. Нийслэлийн сонгуулийн хороонд ажиллаж байгаа есөн төрийн албан хаагчийг зарим нам, эвсэл хэтэрхий гүтгэж, улс төрийн нөлөө дарамт үзүүлэхийг оролдож, зарим тохиолдолд заналхийлэх хандлагатай байна. Ингэж болохгүй шүү дээ. Бүх зүйлийг сонгуулийн тухай хуулийн дагуу л хийж байгаа юм. Сонгуулийн тухай хуульд УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийн зүйл, заалтуудыг тусгаж өгсөн байдаг. Сонгуулийн тухай хууль УИХ-ын сонгуулийн асуудалд гол анхаарлаа хандуулж,  гол зохицуулалт хийчихээд,  тус хуулийн зарим нарийн заалтууд орон нутгийн сонгуульд зохицуулалтгүй, тодорхой бусаар орхигдсон. Тухайлбал, Эвслийн асуудал байна. Сонгуулийн тухай хуулийн 151.3, 14.1 гэсэн хоёр заалтад “Орон нутгийн сонгуульд зөвхөн нам орно” гэсэн байдаг. Орон нутгийн сонгуульд эвсэл оролцоно гэж огт байхгүй. Гэтэл тус хуулийн  41.3-т “Орон нутгийн сонгуулийн тухайд Аудитын байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг дүгнэж, зардлын дээд хэмжээг тогтооно” гээд заачихсан байдаг. Энэ хоёр заалт зөрчилдөж байна. Ингээд цагаан дээр хараар биччихсэн хуулийг бид яаж ч чадахгүй шүү дээ. Бид хуулийн заалтаа л дагасан.
Үүнтэй холбогдуулж хасагдсан нам, эвсэл гомдол гаргаж, бие даагчид жагсаал хийсэн. Бид энэ асуудлаар өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо,  Хууль зүйн байнгын хорооны дарга нартай уулзаж, Улсын дээд шүүх, Сонгуулийн Ерөнхий хороо руу албан бичиг явуулж, үүнийг нэг бүр болгож өгөхийг хүссэн. Учир нь бид зөвхөн хууль биелүүлэх л ажил хийж байгаа шүү дээ. Мөн нийслэлийн Сонгуулийн хорооны гишүүд УИХ-ын Архивт орж, сонгуулийн хуулийн үзэл баримтлал, өргөн барьсан материал, хэлэлцсэн хэлэлцүүлгийн тэмдэглэлийг авч үзсэн. Одоо энэ бүхнийг нэгтгээд нийслэлийн Сонгуулийн хороо бүрэн эрхийнхээ хүрээнд уг гомдлуудыг авч үзэж, шийдвэрээ гаргана.
Бие даагчдыг хуулийн ямар шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хассан юм бэ ?
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй илэрхийлсэн 19 бие даагчийн материалыг нийслэлийн Сонгуулийн хороо хүлээн авсан. Эдгээр бие даагчийн зөрчлийг тус бүрт нь гаргасан. Нийслэлийн сонгуулийн хорооны хувьд бол хэн нь хэнтэйгээ өрсөлдөх нь сонирхох асуудал  биш, бид тийм эрхгүй. Бие даан нэр дэвшигчдийг хаасан асуудал байхгүй. Харин ч тэдний сонгогдох эрхийг хангахын төлөө ажиллаж байна. Хуулийн ямар нэгэн зөрчилтэй заалт байвал аль болох иргэддээ ашигтай талаас нь шийднэ гэсэн байр суурийг барьж байгаа юм. Эдгээр 19 бие даагч бүгд хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй, зөрчилтэй хүмүүс. Тухайлбал, Бие даагчид 501-ээс доошгүй сонгогчийн гарын үсгийг тойргийнхоо хүмүүсээс цуглуулах ёстойг хуульд зааж өгсөн. Гэтэл бие даан нэр дэвшигч С.Чинзориг тойргийнхоо биш 158, П.Зориг 192, Э.Зоригт 118, И.Баярсайхан 36, С.Мөнхбат 23, Б.Амарсайхан 26, З.Жамьяндорж 12 хүнээр гарын үсэг зуруулсан байх жишээтэй. Мөн сонгуулийн насанд хүрээгүй хүнээр А.Туяабаатар, Б.Билгүүн, С.Мөнхбат нар гарын үсэг зуруулсан. Бие даагчдыг бүртгэх хуулийн заалтад зургаан бичиг баримтыг бүрдүүлж өгөх ёстой. Эдгээрээс иргэний өөрийнх нь бүртгэлтэй холбоотой зөрчлүүдийг тусгайлан тэмдэглэн авсан. Энэ асуудлыг орон нутгийн сонгуульд яаж хэрэглэх тухай заалт Сонгуулийн тухай хуульд байдаггүй. Харин УИХ-ын сонгуулийн хэсэгт бие даагчийн цуглуулсан гарын үсгээс зөрчилтэйг нь хасаад 801-ээс доошгүй байвал татгалзах үндэслэл болгохгүй гээд заачихсан байдаг. Энэ заалтаа орон нутгийн сонгуульд орхичихсон. Ийм учраас бидний хувьд тодорхой биш байдал үүсгээд байна. 
Монголын социал демократ нам, Иргэний зориг ногоон намыг бүртгээгүй шалтгаан нь нийслэлд албан ёсоор бүртгэлгүй, төв намынхаа тамга, тэмдгийг ашигласан гэж хэлж байсан. Энэ талаар тайлбарлахгүй юу ?
Сонгуулийн тухай хуулийн 14.1-т тухайн аймаг, нийслэлд өөрийн салбартай намыг нэр дэвшүүлнэ гээд заачихсан байдаг. Нийслэлд салбартай нам нь нйислэлийн намын тамгатай, бланктай, нийслэлийн намын даргатай байх ёстой. Гэтэл Социал демократ нам төв намынхаа бланк дээр тамгыг нь дарчихсан мөртлөө нийслэлийн салбар хорооны дарга гэсэн гарын үсэгтэй. Мөн тогтоол нь хавсралтгүй, нэр дэвшигчдийн жагсаалт нь намын даргын гарын үсэгтэй хэдий ч хуралдаанд даргалсан дарга, тогтоолынх нь дугаар өөр байх жишээтэй. Харин Иргэний зориг ногоон намын хувьд хуралдааных нь дарга 43 хүнийг нэр дэвшүүлсэн хэдий ч 18 хүнийг намын даргын гарын үсэгтэй бүртгүүлсэн. Үлдсэн 25 хүн нь хааччихсан нь тодорхойгүй. Тэмдэглэл нь нэг хуудас цаасан дээр 43 хүнийг 100 хувь сонгов гэсэн хоёрхон өгүүлбэртэй. Ийм байж болохгүй шүү дээ. Өөрсдөө хуулийн заалтаа биелүүлээгүй. Сонгуулийн тухай хуулийн 155.3-т хуралдаан ардчилсан зарчмаар явагдаж, олонхын саналаар шийдвэрлэнэ гээд заачихсан байдаг. Нийслэлийн Сонгуулийн хороо бол хуулийнхаа заалтыг л нэхнэ шүү дээ. Энэ мэтчилэн зөрчлүүд илэрсэн учраас ирүүлсэн материал нь шаардага хангахгүй гэж үзсэн. Харамсалтай нь нам, эвслүүд өргөдөл, гомдол, зөрчлийн асуудлыг шийдвэрлэхдээ сонгуулийн тухай хуульд заасан процессийн дагуу биш Нийслэлийн Сонгуулийн хороонд улс төрийн дарамт үзүүлэх гэж оролдох, ор үндэсгүй мэдээлэл, гүтгэлэг цацах үзэгдэл гарч байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сонгуульд нэр дэвшүүлсэнгүй гэсэн шуугиан үүсээд байна. Энэ талаар тодруулбал ?
Иргэний хөдөлгөөний намаас 17 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Удрахбаяр нь цэргийн албанд яваагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшүүлсэнгүй, хасчихлаа гэсэн шуугиан үүсгээд байгаа юм. Нэгдүгээрт 40 настай хүнд цэргийн насны асуудал ярихгүй, хоёрдугаарт өөрийнхөө анкет дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгээ биччихсэн. Мөн Сонгуулийн тухай хуулийн 157.2.4-т заасан барим бичиг болох хөрөнгө, орлогын мэдүүлгээ огт ирүүлээгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэг нь хуулиараа зайлшгүй бүрдүүлэх ёстой материалуудын нэг. Энэ мэтчилэн нэр дэвшигчид худал мэдээлэл цацаж, гал дээр тос нэмж байна. Сонгуулийн хороонд ажиллаж байгаа хүмүүс ажил алба, хуулийн хариуцлагатай шүү дээ, зөвхөн хуулиа л даган ажиллаж байна. Энэ асуудлыг сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчид анхаарч, сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасанчлан сонгуулийн ажилд хөндлөнгөөс оролцохгүй, дарамт үзүүлэхгүй, саад учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллаасай гэж хүсч байна.
Гомдлын хариуг хэзээ өгөх вэ ?
Нийслэлийн Сонгуулийн хороо 05 сарын 19-нд өргөдөл хүлээж авсан. Хуулийн дагуу гурван хоногт багтаан шийдэж өгөх ёстой. Нийслэлийн Сонгуулийн хороо холбогдох газрууд руу хандаж, уг асуудалд маш яаралтай байр сууриа илэрхийлж, тайлбар өгөхийг хүссэн. Би түрүүн хэлсэн бидэнд нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгогдох эрхэд хууль бусаар халдах эрх байхгүй. Тэрийг бол бид маш сайн ухамсарлаж байгаа. Тийм учраас бид сонгогдох эрхийг хүндэтгэнэ. Хэрвээ хуульд зохицуулалтгүй асуудлууд байх юм бол нэр дэвшигчдээ ашигтай байдлаар шийдвэрлэнэ.

No comments:

Post a Comment