Wednesday, May 25, 2016

Мэдэгдэл

2016.05.25                                                                                                          Улаанбаатар хот
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн сонгуулийн хороо 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 14 тоот тогтоолоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд Монголын Социал Демократ Намаас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан байна. Ийнхүү татгалзах болсон шалтгааныг Сонгуулийн тухай хуулиар орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх, оролцох эрх тухайн орон нутагт салбартай намд олгогддог ба МСДН нь нийслэлд салбаргүй учир оролцох боломжгүй хэмээн тайлбарлажээ.
МСДН – ын удирдлагын зүгээс энэ тухай асуудлаар хариу тайлбар хийж, Нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй уулзан МСДН – ын нийслэлийн зөвлөл буюу салбар нь Улс төрийн намуудын тухай хууль болон  МСДН – ын дүрэмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй болохыг нотолсны үндсэн дээр харилцан ойлголцолд хүрсэн билээ. Гэтэл Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун 2016 оны 05 сарын 23 – ны өдрийн 49 тоот албан бичгээр МСДН – аас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх шийдвэр хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзсэн тухай мэдэгдээд уг асуудлаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандана уу гэсэн байна.
МСДН – ын зүгээс Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг үл зөвшөөрөн хариу тайлбар хийж, холбогдох албан бичгүүдийг Сонгуулийн ерөнхий хороо болон Нийслэлийн сонгуулийн хороонд илгээн, алдаатай тогтоолоо эргэн харж засна хэмээн найдаж, хүлээцтэй хандаж ирсэн. Гэвч алдаагаа ухамсарлан хүлээж авах чадвар Нийслэлийн сонгуулийн хороонд нэгэнт байхгүй болох нь тодорхой болсон учир Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандахаар шийдсэн болно. 
 Нийслэлийн сонгуулийн хорооны зүгээс хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж буй мэдээлэл болон МСДН – д ирүүлсэн албан бичгүүдийг шинжүүлэхэд тус хороо дур зоргоор хуулинд тайлбар хийх, хууль зүйн үндэслэлийг тогтоох зэргээр шүүх эрх мэдэлд халдаж буй нь илэрхий бөгөөд ингэснээрээ иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байна.
Мөн 2016 оны 05 сарын 18 – ны өдөр Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулууны гарын үсэгтэй 32 тоот албан бичиг ирүүлсэн нь дэндүү ойлгомжгүй, утга авцалдаагүй байсан тул монгол хэлний шинжээчээр үнэлүүлэхэд монгол хэл зүйн анхан шатны мэдлэг, боловсролгүй, бичиг хэрэг үйлдэх чадваргүй хүмүүс энэ бичгийг үйлдсэн болохыг тогтоосон болно.
Төрийн эрх барих байгууллагыг сонгох сонгуулийн ажлыг удирдан зохион байгуулах байгууллагад ажиллаж буй хүмүүс эрх зүйн мэдлэг дорой, боловсрол муу байгаа нь сонгуулийн үйл ажиллагаа хуулийн дагуу шударга явагдана гэдэгт эргэлзээ төрүүлж байна.     

МСДН–ын Нийслэлийн зөвлөл

3 comments:

  1. Нийслэлийн сонгуулийн хороо юманд учиртай хандах байж дээ. МСДН бол МоАХ биш гэдгийг мэдэхгүй байна даа.

    ReplyDelete
  2. Нийслэлийн сонгуулийн хороо юманд учиртай хандах байж дээ. МСДН бол МоАХ биш гэдгийг мэдэхгүй байна даа.

    ReplyDelete
  3. Нийслэлийн сонгуулийн хороо юманд учиртай хандах байж дээ.

    ReplyDelete