Friday, June 17, 2016

Би бол улс төрийн тогооны хүн учир үнэн бодитоор хэлж чадахгүй.

Сүүлийн үед та “Үг” студи ажиллуулж, түүндээ улстөрчдийг оролцуулж байгаа харагдах юм. Тэгэхээр улстөрөөс сэтгүүлзүй рүү орж байгаа нь тэр үү. Эсвэл дараагийн сонгууль болтол өөрийгөө мартуулахгүй гэсэн пиар уу.
Хэвлэл мэдээллийн “Үг” компанийг би 2000 онд байгуулсан. Нэг нам дангаар ноёрхож байсан тэр цаг үед манай “Үг сонин”, “Үг студи” үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Дэндүү сайн ажилласан учир МАХН – ын ч тэр, АН – ын ч тэр хэсэг этгээдийн занаанд орсон. Эрх баригчдыг яахав ойлгож болох юм. Гэтэл хамгийн гайхалтай нь надтай хамт нэг намд мөр зэрэгцэн явсан нөхдүүдээс “Үг сониныг “ маань унагаах хамгийн хорлонтой арга хэрэглэсэнийг бодохоор үнэн голоосоо зэвүү хүрдэг. Ингээд хамт компани байгуулсан нөхдийн итгэл, хүчин зүтгэл, нийт зарцуулсан 100 – гаад сая төгрөгийг шатааж, хамгийн гол нь хараат бус чөлөөт хэвлэлийн амыг үдсэн. Тэгэхэд л ээ чааваас ийм новшнууд янхнуудад итгэж, өмөөрч, сайд дарга болохыг нь зөвшөөрч, идэж уух замыг нь засалцаж явсандаа гутах ч шиг болж билээ. Хүн нэг л амьдарна, насны тоо ч хязгаартай, ходоодны хэмжээ ч хязгаартай. Энэ насандаа хамгийн нандигнах ёстой зүйл бол нэр төр гэж боддог. Нэр төрөө худалдчихгүй омог бардам явах шиг сайхан юм байхгүй. “Үг студи”, “Үг сонин” – оо дахиж босгох мөрөөдөл надад үргэлж байсан. Одоо “Үг студи үзүүлж байна” нэвтрүүлэг явуулж эхлээд байна. Хүрээгээ ч тэлнэ. Залгуулаад сониноо ч гаргах бодолтой. Сэдэв нь улс төр болохоор би улс төрөөс гараад байсан юм байхгүй харин жинхнээрээ улс төр дотроо л байгаа хэрэг. Өнөөгийн төрийн тогтолцоо чадавхийг бэхжүүлэхэд хөндлөнгийн хараат бус байр суурь ялангуяа хэвлэл, мэдээлэл шиг чухал зүйл байхгүй. Дотоод тэмцлээсээ болж сульдаж доройтсон төрийн арчаагүй байдалд санаа зовохгүй байхын арга алга. Эдийн засгийн гадаад нэн таатай орчин бүрдсэн чухам энэ цагт шийдмэг, цаг алдалгүй зоримог алхмуудыг хиймээр байтал шийдвэр гаргагчдын явцуу сонирхол хоорондоо зөрчилдөж, бие биендээ дэгээ тавьж нэг нэгийнхээ дээр гарах гэж тэмцэлдсээр өдөр хоногийг алдсаар байна. Өнөөдөр төрөө бэхжүүлэхгүй бол маргааш юутай хээтэйгээ лууны аманд орчих гээд байна.

No comments:

Post a Comment