Friday, June 17, 2016

Өнөөгийн нийгэм миний төсөөлж явсан ардчилал биш

-Ардчиллын 20 жилийн ой үргэлжилж байна. Өнгөрсөн жилээс эхэлсэн Ардчиллын ойн баяраар мянга, мянгаар нь шагнал гардууллаа. Шагнал өгч, баяр тэмдэглэх нь ардчиллын баталгаа мөн үү?
-1990 оны турш үргэлжилсэн үйл явц, урт удаан хугацаа, олон хэлэлцээрийн үр дүнд бид тухайн үед байсан БНМАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадсан. Ингэснээр олон намын тогтолцоо бий болж, ардчилсан хувьсгалд ялах нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно. Ардчиллын 20 жилийн ойг жилийн турш тэмдэглэж байна. Тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан тухайн үеийн ардчилалд оролцож явсан, орхигдсон хүмүүсийг шагнаж урамшуулж янз бүрийн одон медаль өгөх шагналын хур буусан ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Гэхдээ шагнал өгөх, баяр тэмдэглэх асуудлын гол биш. Ардчилал гэдгийг өөр өнцгөөс харахгүй байна уу даа гэх бодол төрөөд байгаа. Ингэхэд ардчилсан хувьсгал ялснаар монголчууд бид юу олж авсан юм бэ? Хамгийн чухал нь бид бүрэн утгаараа Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг олж авсан юм. Өөрөөр хэлбэл, монголчууд бид улсынхаа гадаад, дотоод байдлыг өөрсдөө бие дааж шийддэг, гаднаас хараат бус тусгаар тогтносон Монгол Улсыг зарласан. Түү- нээс хойш ямар замаар хөгжих, Ерөнхийлөгчийн, хаант, парламентын засаглалтай байх уу гээд ямар засаглалыг сонгох вэ, хэнээрээ удирдуулах вэ гэдэг бидний өөрсдийн мэдэж шийдэх асуудал болсон. Тэгээд ч бид парламентын засаглалтай, бүгд найрамдах улсын загварыг сонгож авсан түүхтэй. Хоёрдугаарт 1990 он бол Монгол хүн эрх чөлөөгөө олж авсан түүхэн он. Бусад улс орнуудын хувьд эрх чөлөө өндөр үнээр олддог. Олон зуун жилийн дарлал мөлжлөгийн эсрэг цус асгаруулсан хувьсгалаар тэд эрх чөлөөг олж авдаг бол бид дэлхийд үлгэр жишээ болсон тайван хувьсгалыг хийсэн. Монгол хүн өнөөдөр эрх чөлөөгөөр амьсгалах шиг болж байна.

No comments:

Post a Comment